Тэтгэлэг горилогсдод тусламж

Dashdorj MUNKHTUYA, 2009 ADS awardee, University of Melboune, Law School

GOOD JOB, my friend.

www.news.mn

Оруулсан хөрөнгөд баталгаа болдог эрх буюу Австралийн туршлагаас хуваалцвал… 1989-1991 онд Австралийн холбооны парламент “Үндэсний парк, онгон байгалийг хамгаалах тухай” холбооны хуульд хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулж, Австралийн Хойд нутаг дэвсгэр (Northern Territory) дэх тусгай хамгаалалттай Какаду үндэсний паркийн газар нутгийн хилийн цэсийг өргөтгөжээ. Ингэхдээ “энэхүү нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор аливаа хувь хүн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг Холбооны засгийн газар нөхөн төлөхгүй байх” тухай заалтыг ч мөн нэмэлтэд тусгасан байна. 1975 онд анх батлагдсан “Үндэсний парк, онгон байгалийг хамгаалах тухай” холбооны хуулийн дагуу тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахыг бүрэн хориглосон байсан тул шинээр өргөтгөгдсөн бүс нутагт “Newcrest Mining Limited” компанийн эзэмшиж байсан ашигт малтмал олборлолтын 25 тусгай зөвшөөрөл нөхөн төлбөргүйгээр хүчингүй болоход хүрчээ.

“Newcrest Mining” компани тэр даруйд нь хэд хэдэн үндэслэлээр, түүний дотор хууль ёсоор эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон ашигт малтмал олборлох эрх нь компанийн хөрөнгө бөгөөд хувийн хөрөнгийг хураахдаа төрөөс нөхөх олговор олгохгүй байх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Австралийн Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзэн Холбооны улсын эсрэг шүүхэд зарга үүсгэлээ.

1997 оны 8 сард Австралийн Дээд шүүхийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгдэх хүртлээ Австралийн уул уурхай, ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулагчид, хуульчдын анхаарлын төвд байсан энэхүү маргааны гол цөм нь хуулийн дагуу олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь түүнийг эзэмшигчийн ашигт малтмалын хайгуул болон олборлолтын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгөд баталгаа болж чадах эсэх асуудал байв.

Австралийн эрх зүйн тогтолцоо нь Англи-Саксоны эрх зүйн бүлд хамаардагаас шүүхэд хэрэг маргаан шийдэх зарчим, шүүхийн шийдвэр гаргах процесс болон шүүхийн шийдвэрийн үндэслэл нь эх газрын эрх зүйн тогтолцоотой манай орныхоос зарчмын ялгаатай тул энэ хэрэг дээр Австралийн Дээд шүүхэд хэлэлцсэн асуудлуудыг нэгбүрчлэн тоочиж, гаргасан шийдвэрийн зөв бурууг тунгаах нь илүүц бизээ. Харин уул уурхайн үйлдвэрлэлийн 200 гаруй жилийн түүхтэй, байгалийн нөөц баялагаа ашиглах талаарх өөрийн эрх зүйн тогтолцоог 150 жилийн өмнөөс бүрдүүлсэн Австрали орны туршлагаас хуваалцаж, тусгай зөвшөөрөл, түүний дагуу олгогдох эрх, түүний хууль зүйн үр дагаварыг хэрхэн зөв тодорхойлох талаар дээр дурдсан хэргийг жишээ болгон өөрийн саналаа хэлэхийг зорилоо.

Байгалийн нөөц баялаг тэр дундаа эрдэс, газрын тосны байгалийн байдлаараа байгаа хуримтлал нь төрийн өмчлөлд байх нь дэлхийн ихэнх улс оронд нийтлэг тогтсон хэм хэмжээ болсны нэгэн адил ашигт малтмал олборлох үйл ажиллагаа нь ихэнх тохиолдолд төрөөс хуульчлан тогтоосон тусгай нөхцөл, болзлын дагуу хувийн хөрөнгө оруулалт дээр тулгуурлан явагдаж байна. Энэ салбарт хөрөнгө оруулагч компаниуд улс төрийн болон хууль эрх зүйн тогтвортой байдлын үнэлгээг өөрсдийн бизнесийн эрсдлээ үнэлэх суурь болгон ашигладаг тул ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл нь тухайн улсын хуулиар ямар эрх үүргийг өөртөө агуулж байгаа болон тэдгээр эрх үүргүүд нь хэр тогтвортой болох нь тэдний хувьд ихээхэн чухал асуудал юм.

Манай улсад эдүгэ улсын хэмжээгээр хайгуулын 1150, ашиглалтын 5480 орчим тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Эдгээр тусгай зөвшөөрөл бүрийн ард үүргээр нөхцөлдсөн тодорхой эрх ашиг бий. Тусгай зөвшөөрөл олгогч болон олгогдогчийн аль алинд нь хамаарах энэхүү эрх ашгийг шударгаар тодорхойлох, шаардлага гарвал хамгаалах, маргаан гарвал таслах эрх зүйн орчин, баримтлах үндсэн зарчим манайд хэр тодорхой байна вэ.

Олборлох зөвшөөрөл үү, Ашиглах зөвшөөрөл үү

Байгалийн баялагийг хайж эрэх, олсноо олборлох, ашиглах нь тус тусдаа технологитой, бие даасан процессууд болохын хувьд тэдгээрт өөр өөр эрх зүйн үр дагавар бүхий тусгай зөвшөөрлүүд олгогддог бөгөөд эдгээрийн агуулга нь ашигт малтмалын хуулийн үйлчлэх хүрээнээс хамаарч ялгаатай тогтоогддог байна.

Австралийн муж улсууд нь тус тусдаа “Mineral law” буюу ашигт малтмалын хуультай, эдгээр нь хоорондоо зохицуулалтын нарийн ялгаатай боловч ашигт малтмалын хуулийн үйлчлэх ерөнхий хүрээ нь ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа, түүнтэй шууд хамаатай байгаль орчныг нөхөн сэргээх, хаягдал зайлуулах, тээвэрлэх харилцааг зохицуулахаар хязгаарлагддаг тул агуулгын хувьд үндсэндээ хайгуулын болон олборлолтын гэсэн 2 төрлийн тусгай зөвшөөрөл олгогдож байна. (Зарим муж улсуудад, тухайлбал Баруун Австрали мужид эрэх, хайх, хадгалах, олборлох гэсэн 4 төрлийн тусгай зөвшөөрөл олгодог бол Күйнсланд мужид техникийн бус аргаар ашигт малтмал олборлох зөвшөөрлийг тусад нь олгохоор хуульчилсан байдаг) .

Харин манай хуулийн үйлчлэх хүрээ нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчлагдсан бөгөөд ашигт малтмалыг эрэх хайх үйл ажиллагааны эрхийг хайгуулын, түүнийг ялган авах, олборлох, ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагааны эрхийг ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгохоор заажээ. Хуулийн энэ зохицуулалтаар бол, жишээ нь, хүдэр олборлох, олборлосон хүдрээ цэвэршүүлээд алт гаргаж түүгээрээ ээмэг бөгж хийх, зах зээлд борлуулах хүртэл үйл ажиллагаа нь ашиглалтын гэх нэг тусгай зөвшөөрлөөр дамжин хэрэгжихээр ойлгогдож байгаа юм.

Ашигт малтмалын хуулиар ашигт малтмалаас бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагааг зохицуулах шаардлага нь чухам юу байсныг хуулийн үзэл баримтлалыг боловсруулсан салбарын мэргэжилтнүүд хэлэх бизээ. Уг нь ингэж хуульчилж огт болохгүй ч юм биш. Ийнхүү хуульчлах зайлшгүй шаардлага байгаа бол одоогийн хуульд байгаа шиг дурдаад орхих биш үйлдвэрлэх, борлуулах гэж юуг ойлгох болон үүнд төр хэрхэн хяналтаа тавих, компани үүнд ямар эрх, үүрэгтэй байх гэх мэт холбогдох зохицуулалтыг нь тодорхой болгох хэрэгтэй. Өөр өөр агуулга, эрх зүйн үр дагавар бүхий үйл ажиллагаануудыг зааг ялгааг нь хуулиар нарийвчлан зохицуулахгүйгээр ийнхүү механикаар нэгтгэн томъёолсон нь цаашид олон төрлийн эрх зүйн маргаан гарах нэг үндэс болж болзошгүй юм.

Австралийн ашигт малтмалын эрх зүйн зохицуулалтаас санаа аван харахад ашигт малтмалыг ялган авах, олборлох үйл ажиллагаа нь олборлолтын тусгай зөвшөөрлөөр буюу ашигт малтмалын хуулиар зохицуулагдаж, харин бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал нь ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, юунд ашиглахаас шалтгаалан ашигт малтмалын хуулиар бус тухайн салбар эрх зүйгээр нь зохицуулах нь илүү оновчтой санагдана. Худалдаа, борлуулалтын хувьд хуулиар олгогдсон эрхийн дагуу олборлосон ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад төрөөс заавал тусгай зөвшөөрөл гэж тээглүүлэх хэрэггүйн дээр агуулгын хувьд ч ач холбогдол багатай. Учир нь олборлолт явуулахын гол зорилго нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах замаар ашиг орлого олоход чиглэгддэг тул олборлолтын тусгай зөвшөөрөл нь худалдан борлуулах эрхийг шууд дагуулах учиртай.

Аюулгүй байдал, стратегийн бодлогын хүрээнд зарим төрлийн ашигт малтмал, тухайлбал, нүүрс, ураны олборлолт, үйлдвэрлэл, худалдаа борлуулалтад төрөөс тусгайлан хяналт тавьдаг бөгөөд энэ талаарх Австралийн ашигт малтмалын эрх зүйн зохицуулалтын онцлогыг Ашигт малтмалын тухай Монгол Улсын хууль болон саяхан УИХ-аас батлагдсан Цөмийн энергийн хуулийн зохицуулалттай харьцуулан дараагийн удаа тусгайлан саналаа хэлэх нь зүйтэй хэмээн үзээд энэ удаад хойш тавилаа.

Олборлолтын дараа ашигт малтмалын өмчлөл шилжих

Английн лорд Кэйрнс 1873 онд ашигт малтмал олборлохтой холбогдсон нэгэн маргааныг шүүх явцдаа “ашигт малтмал олборлох эрх” гэсэн ойлголтын хууль зүйн агуулгыг:

“Хэн нэг хүнд тодорхой хугацаагаар газар доор болон дээр ашигт малтмал хайж, хэрэв юм олвол түүнийгээ өөртөө авах эрх олгох нь тэр хэмжээний хөрс шороог түүнд өгч байгаатай адил. Бидний “mineral lease” буюу ашигт малтмал олборлох зориулалтаар газар ашиглуулах гэж нэрлээд байгаа харилцаа нь үнэн хэрэг дээрээ тэр хэмжээний газар, хөрш шороог зарж байгаа худалдаа юм” гэж тодорхойлжээ. Энэхүү тодорхойлолт нь орчин үеийн ашигт малтмалын эрх зүй дэх тусгай зөвшөөрлийн агуулга, мөн чанарт үл нийцэх хэдий ч ашигт малтмалын олборлолтын дараах өмчлөлийн эрх, түүний үндэслэлийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Түүхэн талаас нь харвал, байгалийн баялагийг ашиглах, олборлох эрх нь газар өмчлөлийн эрхтэй салшгүй холбоотой явж иржээ. Газрын эзэн өөрийн газрыг гурван хэмжээст талбайгаар буюу газрын гадаргыг түүн дээрх агаар, доорх баялагийн хамт өмчлөх ойлголт олон зууны турш үргэлжилж байв. 1568 онд анх Англид “royal metals” буюу алт, мөнгө нь хэний эзэмшлийн газраас олдсноос үл хамааран эзэн хааны өмч болох тухай хууль гарсан нь эрдэс баялагийг эзэмших эрхийг газар өмчлөлийн эрхээс салгах үзэл баримтлалын үндэс болжээ. Үүнээс хойш 300 орчим жил энэ хууль мөрдөгдөж алт, мөнгөнөөс бусад метал, эрдэс бодис газрын эзний өмч, хэн нэгний өмчлөөгүй, эзэмшээгүй газраас олдсон нь олсон хүний өмчид тооцогдож байв. XIX зууны дунд үед ид өрнөсөн “алтны халуурлыг” зохицуулахын тулд Английн колони байсан улсууд, тэр дундаа Австралид алтны хайгуулчдад зориулсан тусгай дэглэм тогтоосон нь эдүгэгийн тусгай зөвшөөрлийн эхлэл байв. Зөвшөөрлийг эхэндээ орон нутгийн захиргааны буюу захирагчийн шийдвэрээр олгодог байсан нь захиргааны эрх мэдлийг гааруулж, захирагчдын хэт дарамтыг тэсвэрлэхээ больсон уурхайчид 1854 онд Еврейка гэх уурхайчдын бослого дэгдээсэн юм. Үүнээс сургамж авсан засгийн газар зөвшөөрлийг захиргааны эрх мэдэлд бус уурхайчдын эрхэд үндэслэн олгох шинэ дэглэм нэвтрүүлсэн байна. “Free miner” буюу Чөлөөт уурхайчин гэх энэхүү дэглэм нь тодорхой хэмжээний төлбөр төлсний үндсэн дээр тогтоосон хугацаанд уурхай руу орох, энэ хугацаанд хэр хэмжээний, юу олсноо өөрөө авах эрхэд үндэслэгдсэн, зөвшөөрлийн харьцангуй шударга систем байв.

Лорд Кэйрнсын тодорхойлолт, “Free miner” системийн үндсэн элементүүд, тэдгээрийн үзэл санаа нь Английн эрх зүйн систем, тэр дундаа Австралийн ашигт малтмалын эрх зүйд зохих байраа эзэлж эдүгэ байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал төрийн өмч боловч төрөөс өгсөн зөвшөөрлийн дагуу олборлоод гаргаад ирсний дараа ашигт малтмал, газрын тос нь тухайн олборлосон этгээдийн өмч болохоор хуульчилсан зохицуулалт нийтлэг үйлчилж байна. Тухайлбал 1990 оны Викториа мужийн Ашигт малтмалын хуулийн (s11), Баруун Австрали мужийн 1978 оны Уурхайн хуулийн (s85), Күйнсланд мужийн 1989 оны Ашигт малтмалын хуулийн (s9)-д гэх мэтээр ашигт малтмалын өмчлөл шилжих тухай заалтууд Австралийн бүх мужуудын болон холбооны хуульд байдаг.

Манай улсын хувьд ч энэ үзэл санаа хуульд тодорхой хэмжээгээр тусгагдсан байна. Ашигт малтмалын хуулийн 27.1. заалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон уурхайн эдэлбэрээс олборлосон ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан борлуулах эрх нь олборлосон ашигт малтмалаа өмчлөх эрхийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг хуулиар олгогдсныг илэрхийлнэ. Харин олсон орлогоо захиран зарцуулан эрхийг зөвхөн 50 саяас дээш америк доллартой тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх этгээдтэй л “ярилцаж байж” баталгаажуулахаар хуульчилжээ. Олсон орлогоо захиран зарцуулах тэдний эрхийг чухам ямар байдлаар яаж баталгаажуулах нь энэ хуулиар тодорхойгүй байгаа боловч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн олборлосон ашигт малтмалаа худалдан борлуулах эрх болон түүнээс салгаж үл болох борлуулаад олсон орлогоо захиран зарцуулах эрхийг ийнхүү компаниудын хөрөнгийн чадвартай холбоотойгоор ялгавартай баталгаажуулахаар хуульчилсан төрийн бодлогын суурь үндэслэл нь юу болох, ийм заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд хэр нийцэж байгааг судалж дүгнэлт гаргах нь зүйтэй болов уу.

Нөөцлөгдсөн эрх мэдэл

Newcrest Mining Limited-ийн хэрэг дээр Австралийн Дээд шүүх Холбооны парламентаас баталсан тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг өргөтгөсний улмаас учирсан хохиролд нөхөх олговор олгохгүй тухай хуулийн заалт нь Австралийн Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байна гэж үзсэн юм.

Ийнхүү бүтэн таван жилийн турш төр засагтайгаа заргалдсан Newcrest Mining Limited заргаа авснаар Австралийн Дээд шүүх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олгогдож буй ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах эрх нь үйл ажиллагааны үр дүнгээсээ хамаарахгүйгээр эзэмшигч этгээддээ үнэ цэнэтэй, хөрөнгийн эрх мөн болохыг хүлээн зөвшөөрчээ.

Хэрэв манай улсад гарсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 14.4 хэсэг, “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлнө” гэсэн заалтын дагуу амархан шийдэгдэх байсан энэ асуудалд Австралийн Дээд шүүхийн өгсөн хариултын эрх зүйн цаад үр дагавар нь ашигт малтмалын хайгуул, олборлолтыг хэзээ, хаана, хэнээр хийлгэхийг өмчлөгчийн хувьд төр шийдэх онцгой бүрэн эрхтэй хэдий ч нэгэнт шийдээд олгосон тусгай зөвшөөрөл хуулиар тогтоосон хугацаанд, үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа эзэмшигчдээ бүрэн хадгалагдах, хэрэв зайлшгүй шаардлагын улмаас цуцлагдахад хүрвэл хууль ёсны эзэмшигч төрөөс нөхөх олговор авах эрхээр хангагдахыг баталгаажуулсан явдал юм. Харин зайлшгүй шаардлага гэж юуг томъёолон ойлгох вэ.

Юуны өмнө тусгай зөвшөөрлийг цуцлах зайлшгүй шаардлага нь олон нийтийн тусын тулд, сайн санааны (in good faith) үүднээс урган гарсан байх нь гол зарчим. Байгаль орчинг хамгаалах, олон нийтийг болзошгүй аюулаас сэргийлэх, хүний амьдрах орчин, эрүүл мэндийг хамгаалах гэх мэт олон үндэслэл үүнд багтана. Эдгээр зорилгоор төрөөс тусгай зөвшөөрлийг цуцлах нь эрх зүйн ерөнхий зарчим, шударга ёсны үнэлэмжинд харшилахгүй хэмээн үзэж болно. Австралийн холбооны Үндсэн хуулийн 51 (xxxi) дэх хэсгийн “Холбооны парламент аль нэг муж, хувь хүнээс үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн аливаа зорилгоор, тэдгээрийн эрхийг шударгаар харгалзан үзсэний үндсэн дээр эд хөрөнгийг нь холбооны улсын мэдэлд хураан авч болох тухай хууль гаргах эрхтэй” гэсэн заалтыг энэхүү зарчимд үндэслэн Дээд шүүхийн шүүгчид Newcrest Mining Limited-ийн хэрэг дээр тайлбарласан юм. Үүний зэрэгцээ дээрх зорилгоор тусгай зөвшөөрлийг цуцалсан нь төр болон бусад сонирхогч этгээдэд санхүүгийн ашиг орлого авчираагүй байх нь дараагийн нэг чухал зарчим ажээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хэдийгээр үнэ цэнэтэй эрхээ алдаж байгаа ч түүний оронд хэн ч, түүний дотор төр, санхүүгийн аливаа ашиг олоогүй байх нь энэ зарчмын гол агуулга юм.

Харин манай Ашигт малтмалын хуулийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг төрөөс цуцлах үндэслэл нь ямар зарчимд тулгуурлан хуульчлагдсныг нэг жишээн дээр авч үзье.

Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Засгийн газрын шийдвэрээр төрийн мэдэлд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг зогсоож болохоор заасан бөгөөд үүнийг “талбайг нөөцөд авах” гэж тодорхойлсон байна. “Талбайг нөөцөд авах” гэсэн өнөөгийн хуульд байгаа зохицуулалтыг нарийвчлан авч үзвэл энэ нь тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон үйл ажиллагааны эрхийг төрөөс хураах хууль зүйн үндэслэл болох Засгийн газрын “нөөцлөгдсөн эрх” юм гэж үзэж болохоор ажээ. Учир нь тусгай зөвшөөрөлтэй талбайг нөөцөд авсан нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохоор мөн хуулийн 56.1-д заасан байна.

Тусгай зөвшөөрөлтэй талбайг нөөцөд авах Засгийн газрын зорилгыг хуулийн 13.1-д “тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх; тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг шийдвэрлэх; улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх” гэж тодорхойлжээ. Эдгээр үндэслэлүүдийг тус тусад нь хууль зүйн үүднээс авч үзвэл агуулгын хувьд ямар утгатай болох, ямар учраас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болж байгааг ойлгоход төвөгтэйн дээр энэхүү “талбайг нөөцөд авах” хуулийн зохицуулалтад тодруулах, хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай олон асуулт гарч байна. Тухайлбал: Тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх гэж ямар үйл ажиллагааг ойлгох вэ. Үүнийг Ашигт малтмалын хуулиар тайлбарлаагүй тул энгийн ойлголтоор, эхлээд бааханыг замбараагүй олгоод дараа нь тэдгээрийг цэгцэлж эмх журамд оруулах гэж томъёолж болох уу. Тэгвэл ямар хугацаанд нэг цэгцэлж байх юм бэ? Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг тусгай зөвшөөрлийг цуцлаж байж шийдвэрлэнэ гэж юу гэсэн ойлголт вэ. Нэгэнт цуцлагдсан тусгай зөвшөөрөлд хилийн маргаан гэж байх уу. Үүний зэрэгцээ хуульд талбайн хилийн маргааныг шийдвэрлэх тухай 7 заалт бүхий 62 дугаар зүйл гэж байгаа нь зарим төрлийн хилийн маргааныг тусгай зөвшөөрлийг цуцлалгүйгээр шийдэх нь гэсэн найдвар төрүүлж байгаа хэдий ч ямар болзол нөхцлөөр ялгаж, шалгаруулах нь тодорхойгүй тул хилийн маргааныг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь хоорондоо эвтэйхэн яриад шийдчих боломжийг хайсан нь эрсдэл багатай мэт. Дараагийн дугаарт, улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх зорилгоор Засгийн газар бусдын эзэмшилд хуулийн дагуу байгаа хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргах эрхтэй гэжээ. Энэ заалтын дагуу Засгийн газар ямар ч тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг хэдийд ч буцаагаад авч болохоор байгаа юм. Засгийн газраас энэ тал дээр тусгай зөвшөөрөл эзэмшигчидэд үзүүлэх ямар нэг хөнгөлөлт, “хүндэтгэн үзэх” шалтгаан байх уу. “Талбайг нөөцөд авах” нь хуулийн 13.2.4-т заасны дагуу тодорхой хугацаатай байх аж. Нөөцөд авсан гэсэн үндэслэлээр цуцлагдсан тусгай зөвшөөрөлд энэ хугацаа яаж нөлөөлөх вэ. Үүнтэй холбоотойгоор тодорхой хугацаагаар эрхийг түдгэлзүүлэх бус тодорхой хугацаагаар эрхийг цуцлах гэсэн ойлголтыг ашигт малтмалын хуульд шинээр оруулах уу.

Талбайг нөөцөд авахтай холбоотой энэ мэт олон асуултад хууль тогтоогч үндэслэлтэй хариулт өгч, ашигт малтмал, уул уурхайн салбарт хуулийн дагуу, шударгаар, харилцан ашигтай, хамтран ажиллах боломжийг төр болон хувийн хэвшилд бүрдүүлэн олгох шаардлагатай юм. Хуулийн 56.1.3-т талбайг нөөцөд авахдаа нөхөх олговор олгох тухай хуулийн заалт байна. Нөхөх олговор нь адаг сүүлд нь хохирол барагдуулахад чиглэдэг тул анхнаас нь хохироохгүй байх тухай хөндөж буй энэ удаагийн сэдэвт хамаарахгүй гэж үзээд энэ талаарх дүгнэлтээ түр азнав. Эцэст нь, Монгол Улсын Ашигт малтмалын хуулийн дагуу эзэмшиж буй тусгай зөвшөөрөл, түүний үндсэн дээр олгогдож буй эрх нь хөрөнгийн эрхийн хувиар уг хуулиар баттай хамгаалагдаж чадаагүй “эмзэг” байна. Тусгай зөвшөөрөл нь ашигт малтмалын салбарт оруулсан хөрөнгөд баталгаа болж чадахгүй байгаа нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах гэх мэт эрх зүйн бусад харилцаа үүсэхэд болон үүссэний дараах эрх зүйн үр дагаварт ч сөрөг нөлөөтэй. Аливаа улс орны эдийн засаг төрийн өмч дээр бус хувийн өмч дээр тулгуурлан хөгждөг нь улам бүр нотлогдож буй өнөө үед хуулийн дагуу эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөл, түүний үндсэн дээр төрөөс олгогдож буй эрхийг олон улсын жишгээр хуулиар хамгаалж, баталгаажуулснаар уул уурхайн салбарын цаашдын хөгжилд чухал алхам болох нь дамжиггүй.

Дашдоржийн Мөнхтуяа /Law School of The University of Melbourne/ m.dashdorj@pgrad.unimelb.edu.au

Comments on: "Mining license Legal issues" (3)

  1. daagii said:

    sain bnauu ta nadad kompani uusgen baiguulax tuxai onoliin bolon practik xaritsuulsan sudalgaa .jishee n mgld iim australi d iim gesen xaristuulsan sudagaa nii bval ugch tus bolooch

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: