Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for Арван хоёрдугаар сар , 2010

Шинэ жил

Анх Сингапурт ногоон шинэ жил тэмдэглэхэд их сонин санагдаж байсан одоо ч дасчихаж. Халуун орны өвлийн өвгөн аавыг л их өрөвдөх юм. Хар халуунд сахал үсэндээ түүртэж баавайчихаад…

Яг одоогийн байдлаар Өмнөд Австралид халуу шатаж, нэмэх 40 градус хүрч байна.  Ихэнхи хүмүүс 1-р сар гартал амрах учир далайн эрэг бараадан амарч, зугаална. Хэдийгээр Аделайд хот нь далайн эрэг дээр боловч яг далайн эрэг дээрээ хотод байгаагаас 2 орчим градус сэрүүн байдаг. Далайн эрэг дээрхи холидэй хаусууд пиг хүнтэй, найз нөхөд, гэр бүлээрээ ийш тийшээгээ явж амарцгаана. Зүйрлэвэл манай наадмын дараахи амралт л юм даа. Бидний хэсэг нөхөд шинэ оноо задгай далайд угтахаар өнөө өглөө алдарт гавьтан Полын удирдлаган дор зангуугаа татлаа.

Хэт халуунаас болоод гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зөвхөн зөвшөөрөгдсөн газарт, мэргэжлийн техникч салют буудахыг зөвшөөрөв. Түймэр гэснээс эндхийн хуулиар хэрэв хашааны өвс 5 см өндөр ургавал хууль бус гэж үздэг ба өвсөө хадах сануулга, бүүр болохгүй бол торгуулийг дүүргийн засаг захиргаанаас өгдөг. Энэ нь гал түймрийн эрсдэлээс хамгаалж буй нэг арга хэмжээ юм. Мөн гарч буй түймрийн эх сурвалжийг “бугын анчин Раш” гэж тогтоохоосоо илүүтэй, хуурайшилтаас үүссэн гэж үздэг тул гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авдаг. Гэсэн хэдий ч түймэр их гардаг бөгөөд жилийн өмнө Виктория мужид гарсан түймрээс болж нилээд тооны хүн амиа алдаж өмч хөрөнгөө шатаасан юм. Арваад жилийн өмнө Канберрад мөн түймэр гарч олон тооны орон сууц шатсан түүхтэй. Эндхийн уугуул мод эвкалипт (эндхийнхэн GUM TREE гэж нэрлэдэг, тос гаргаж авдаг) шатахаараа навч нь тэсэрч шатдаг болохоор түймэр нэг гарвал тогтоох маш хэцүү гэж Гал түймэртэй тэмцэх газар ажилладаг Брет хэлж байна. Бид гал түймэртэй цогтой тэмцэгч зоригт эр Бретийг хөөрөгдөөд маргааш шөнө далай дээр салют буудахаар төлөвлөж байгаа. Завьны эзэн зөвшөөрөл авсан гэсэн. Тэгэхгүй бол биднийг Титаник шиг живж байна гээд эргийн хамгаалалт, аврагчид давхиад ирэх магадлал өндөртэй.   

Утаа мэдрэгч айл бүрт байна. Жилд нэг удаа батарей солих өдөр гэж тусгайлан болдог. Энэ өдөр бүх айлууд гэртээ байгаа алармныхаа хуруу зайг сольдог. Мөн аливаа зайг шууд хаядаггүй бөгөөд тусгайлан уут саванд хийж, батарей, компьютер (ПиСи гэхэд ингэж бичдэг бил үү?) хаягдлыг тусгайлан цуглуулдаг өдөр хаяна. Тэрүүгээр нь гоё чимэглэлийн зүйл хийсэн байхыг харж байсан.

Хүмүүс сэлээд, шумбаад их л аз жаргалтай байх шиг байна. Нарны харшилтай би ч бүхээгэн дотор бүгээстэй. Далайн гахай явжээнэ гээд дуудахаар нь үсэрч гараад хардаг баатар болсон төмрөнд хөлөө хайрав. Хүйтэн усанд хөлөө дүрээд, баашлан сууж байхдаа энэ бичлэгийг хийж байна. Хүүхэд байхдаа цас долоож хэлээ төмрөнд наалдуулдаг байснаа ярихад бүгдээрээ намайг шоолж инээлдээд байх юм. Тэгэхээр нь одоо Монголд хасах 34 гэж хэлэхэд бүгд зэрэг “ЁОНОО”.  Бүгдээрээ усанд сайн сэлдэг боловч “юмыг яаж мэдэх вэ” арга хэмжээг маш сайн авч оройд хоёр хоёроороо “харуул”-д зогсох хуваарьтай. 

Шинэ ондоо сайбер ертөнцдөө дахин уулзацгаая. Бүгд сайхан баярлаарай. Шинэ жилийн мэнд хүргэе.

Merry Xmas

Христиан шашинтны хувьд Кристмасын баяр нь манай цагаан сартай дүйцүүлэхүйц баяр юм. Энэ өдөр гэр бүлээрээ цугларан шарсан цацагт хяруул, пуддинг г.м уламжлалт хоол иддэг. Үүний дараа хайрцагны өдөр болж бэлгээ задална. Шинэ жилийн гацуур модны дор бэлгээ хураасан байх ба хүүхдүүдийн хувьд энэ нь тэвчээр шалгасан асуудал.   Энэ өдрийг хүүхдүүд битгий хэл, томчууд хүсэн хүлээдэг ба хайрцагтай, боодолтой бэлгээ задлахаасаа өмнө ихэд догдолдог.

Христиан шашны үндсэн үнэ цэнэ болох бусадтайгаа хуваалцах, авахаасаа илүү өгөх гэдэг сэтгэлгээ энэ үеэр их тод мэдрэгддэг юм. 

Бэлэг.

OXFAM олон улсын хүмүүнлэгийн байгууллагын (www.oxfam.org) дэлгүүрт хөгжиж буй орнуудын хийсэн жижиг бэлэг дурсгалын зүйл, шинэ жилийн чимэглэл зардаг ба бие биедэээ эндхийн бараа бүтээгдэхүүн бэлэглэх нь элбэг. Вьетнам, Энэтхэг, Бангладеш, Филиппин, Индонези зэрэг орнуудад хийсэн гар урлалын хөөрхөн зүйлс бэлгэнд авах хэнд ч их сайхан сэтгэгдэл төрүүлэхээс гадна уг барааг үйлдвэрлэсэн өрх, иргэний хөдөлмөрийг шударгаар үнэлж, амжиргааг нь дэмжиж байгаа үйлдэл юм.

Дэлхийн зөн, Хил хязгааргүй эмч нар, Улаан загалмай г.м олон улсын хүмүүнлэгийн байгууллагад чиний нэрийн өмнөөс хандив өргөж, бэлгийн карт худалдан авч өгөх. Хамгийн сонирхолтой нь энд байгаа Дэлхийн зөнгийн хүүхэд ивээн тэтгэх каталогид Монгол хүүхдүүд байдаггүй юм байна билээ. Манай хэд хэдэн найз дэлгүүүр дотор байгаа сурталчилгааны ширээнд очоод Монгол хүүхэд байна уу гэж асуухад байхгүй, гэхдээ олж өгч болно гэсэн хариулт авсан гэж яриандаа дурдаж байсан. Миний найз нар, танилууд жил бүр 50-100$ хандивлаж, сан үүсгэдэг бөгөөд хүүхдийн мөнгө улсаас өгөхөөс өмнө тэр мөнгөөр нь Яармагийн 3-аас дээш тооны хүүхэд нь дунд сургуульд сурдаг айлд  дүрэмт хувцас авч өгдөг байлаа. Мөн эмч, багш, малын эмч болохоор сурч буй хүүхдэд тэтгэлэг өгдөг байсан боловч зарим нэг “баатар” нь сургуулиа төгсөөд нутагтаа очилгүй, Солонгос явсан түүхтэй. Манай улс баяжаад хүн бүрт мөнгө өгч эхэлсэн, мөн халамж хавтгайрахын эсрэг үзэл санаатай учраас энэ чиглэлийн үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Дараа жилээс хуримтлагдсан мөнгөөрөө байгаль орчин, хөдөөгийн өрхөд чиглэсэн үйл ажиллагаа эхлэхээр төлөвлөж байна. Хэр амжилттай болохыг хэлж мэдэхгүй. Улс төрчид, дарга нараас холхон шиг, реклам сурталчилгаа хийлгүйгээр иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг хүмүүс байдаг бөгөөд зөвхөн өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан хийдэг юм.

Мэдээж хүүхдэд брдит бэлэг авч өгдөг. Гэхдээ чихэр жимс биш. Ихэнхидээ ном, австралид үйлдвэрлэсэн модон тоглоом, арай томд нь бэлгийн карт, технологи “тоглоом” бэлэглэдэг. Хүүхдүүдээ багаас нь хүнд “өгдөг” болгохын тулд хандивын хайрцагт мөнгө хийлгэх, мөн цагаачдын хүүхдүүдэд бэлэг боох үйл ажиллагаанд татан оролцуулах г.м ажлыг эцэг, эх, эмээ, өвөө нь идэвхитэй дэмждэг юм. Миний найзын хоёр хүү өөрсдийн хэрэглэхээ больсон тоглоомууд, ПлэйСтэйшн-ээ зараад мөнгийг нь Salvation Army гэдэг буяны байгууллагад хандивласан гэсэн. Хаа газрын хүүхдүүд адилхан хойно гоё тоглоом авъя гэж хорхойсолгүй яахав. Хамгийн гол нь тэдэнд зөвхөн өөртөө биш, бас бусадтай байгаагаа хуваах зан чанарыг суулгахын тулд ойр дотныхон, багш нар нь ихэд хичээн ажилладаг тул багаасаа багаар ажиллах, хүнд ач саналгүйгээр туслах гэдэг ойлголтыг авч өсдөг юм байна.   

Христосын баяртай холбоотой зан заншил

Nativity scene-Ихэнхи айлууд гэртээ Nativity Scene засдаг. Энэ нь Христийг төрөхөд өрнөсөн үйл явдлыг харуулсан домгийг дүрслэх ба эхлээд тэнгэрт маш тод од гялалзжээ. Үүнийг хоньчин хараад их баярласан ба энэ нь маш чухал үйл явдал болохын дохио байсан юм байна.  Гэгээн Мария малын тэжээлийн амбаарт Исусыг төрүүлсэн бөгөөд дорно зүгээс  гурван ухаантан- three wise men маш чухал үйл явдал болж байгааг мэдрэн алт, гоё үнэртэн авчирсан гэнэ.

Nativity scene

Зурагны зүүн талд 3 ухаантан, голд нь Жозеф, Мария хоёр, баруун талд нь хоньчин. Ард байгаа нь сахиусан тэнгэрүүд гэнээ.

Гэрээ гоёх-Мэдээж гацуур засна. Бас айлууд гэрлэн чимэглэлээр байшингийнхаа гадна талыг чимэглэдэг. 2004-2005 оны шинэ жилээр манай найзынх гэрээ хамгийн сүүлийн удаа ингэж чимэглэсэн ба жилдээ 2000 орчим дойлуур зарцуулдаг байсан гэсэн. Одоо тэр мөнгөө буяны байгууллагад хандивладаг болсон гэнэлээ.

Jacaranda tree lined the Grove str

Манай гэрийн ойролцоо байдаг Гров гудамжныхан модоо улаан туузаар чимэглэж гоёлоо. Дашрамд дурдахад энд гудамж бүр нэг төрлийн модоор ижилсдэг бөгөөд Гров гудамжны жакаранда (http://en.wikipedia.org/wiki/Jacaranda)  мод нь нил ягаан цэцэгтэй, ихэнхидээ 10 сарын сүүлч, 11 сарын эхээр цэцэглэдэг боловч энэ жил өвөл, хавар урт болж, зун оройтсон учраас 12 сарын дунд үед цэцэглэлээ. Нил ягаан өнгөтэй гудамжийг харахад Японы сакура цэцэглэх үетэй төстэй харагддаг юм.

Prince Albert Parkway str

Энэ гудамжинд 4 айл гэрээ гоёсон байлаа.  Би бас яаж дутах вэ гээд үүдэн дээрээ ийм юм өлгөв. Эндхийхэн wreath гэж нэрлэдэг цагираг өлгөдөг.  (http://en.wikipedia.org/wiki/Wreath). Адвент цагираг нь Ертөнцийн эзний ирэх цагийг бэлэгддэг гэнэ. Бидний багадаа хийж зүүдэг байсан цэцгэн хэлхээ, эрхитэй төстэй. Би болохоор хувьсгалт бага насаа дурсаад гэрийнхээ хаалган дээр Таван хошуу өлгөв.

Таван хошуу-ОД

British English

Lola and Charlie

So cute, reminds me Brits. There are series of it. Enjoy watching.

…I am an Englishman in New York. Oh oh…

Чамд амжилт хүсье, Жамулаа

Багадаа хөөрхөн бор хүү байсан ийм том залуу болжээ. http://www.shuud.mn/index.php?option=corner&appid=10&task=view&id=12254

Жадамбын Жамул. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагад олон жил Монгол улсаа төлөөлөн суусан Др. Жадамбын хүү, Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмонгийн дүү

Боловсролын үнэ цэнэ

Веберийн гурвалжин

Би одоо нэг л сүрхий хүн удирдах ухаан гээд баахан л юм мэдэмхийрдэг. Өөрөө нэг их дарга хийж явсан юм шиг. Яг үнэн ээ хэлэхэд зарим юм аа өөрөө ч нарийн сайн утга учрыг нь ухаагүй л явах юм даа хөөрхий. Үргэлжлэлийг http://damdaa.blogspot.com/2010/12/blog-post_19.html
Мөн өмнөх постуудыг эргээд нэг уншаарай.

Баяжигтун

Одоогоос наяад жилийн өмнө АХ намыг үндэслэгчдийн нэг Солийн Данзан энэ үгээ хэлж, үүнийх нь төлөө түүнийг хэлмэгдүүлэн хороожээ. Баабарын хэлсэн люмпен ардын тодорхойлолт надад маш их таалагддаг. Айх ичихийг мэдэхгүй, ёс зүй, үнэт зүйл огт байхгүй, шижээргүй, увайгүй хүн.

Сүүлийн үед дөнгөж бүрэлдэн бий болж буй үндэсний хэдэн хөрөнгөтнөө ихэд адлан муучлах болж. Тэдэн дотор үнэн цагаан хөдөлмөрөөрөө мөнгөтэй болсон хүн ховор, дандаа луйвардаж баяжсан хүний ариун цагаан хөдөлмөрийг мөлжигчид гэнэ. Би энд төрөөс төрсөн тэрбумтануудыг яриагүй байна шүү, ялгаж салгаж ойлгоорой.

Түүхийн аль ч үед хэрэгтэй цагт, хэрэгтэй газарт байж, мэдээлэлд хамгийн ойр байсан хүмүүс од шүүрэн чинээлэг амьдрах гараагаа эхэлсэн байдаг. Үүний тод жишээ Рокфеллер. Дэлхийн нэгдүгээр дайны төгсгөл 30-аад оны их хямралын үед эрсдэлээ сайтар тооцон үзэж, хэрэгтэй мэдээллээ бусдаас түрүүнд өөрийн сувгаар олж авч чадан, шийдвэр гаргаснаараа хувьцааны уналт, дампуурлаас өөрийгөө сэргийлж чадсан байдаг. Болхиор хэлбэл яг Чикаго кинон дээр хоёр хувилбараар сонин бэлдээд шүүхийн шийдвэрээс хамааран аль нэгийг нь зардаг шиг.  Сүүлийн үеийн хөрөнгийн зах зээлээс төрж буй саятнууд дотор математикийн суутнууд их бөгөөд эрсдэлийн тооцооллыг боломжит хамгийн сайн хувилбараар хийснээр амжилтад хүрсэн байдаг. Хөрөнгийн зах зээл, фючерсийн арилжаа нь өөрөө их эрсдэлтэй бизнес болохоор алдсан нь ч бий. Дональд Трамп эрсдэл хийхдээ гаргуун сайн, шатахдаа ч сайн шатаж, олохдоо ч сайн олдог нэг төрлийн “тоглоомчин”.  Жорж Сорос мөн ижил. Тэднийг амжилтад хүргэсэн гол хүчин зүйл нь хэрэгтэй цагт, зөв газарт байж мэдээллийг олж авч боломжит хувилбарыг тооцох чадвар юм. Нэг ёсны “соёлтой луйвар” юм даа.

Яаж чиг сайн муу хэлүүлж, ядуу Монголд хэтийдсэн зан авир гаргаж байсан бид үндэсний хөрөнгөтнүүдтэй болж байж хөгжинө. Үндэсний хөрөнгөтнүүд бусдыгаа чирдэг. Яагаад гэвэл тэд ажил олгогч, үйлдвэрлэгч, хэрэглэгч байдаг.

Миний найз одоогоос 10-аад жилийн өмнө боловсролын бизнес эрхэлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн бизнесээсээ гадна давхар хоёр өөр төрлийн бизнес хийдэг. Энэ арван жилийн хугацаанд түүний машины марк, байр орон сууц, эдэлж хэрэглэж, идэж ууж буй зүйл хэрхэн өөрчлөгдөв гэдгийг шүүн тунгаалгүйгээр зөвхөн хэдэн хүнд ажил олгосон, амьдралд нь тусалсныг хэлье.

Талбайн баруун талд жижиг өрөө түрээслэн өөрийн эгч, хамаатныхаа охинтой гурвуулаа бизнесээ эхэлж байснаа бодвол одоо тэр байрандаа лав 4-5 өрөө түрээслэж байна. Түрээслэгч нь МҮЭ. Өөрийн ажилтан 20-30-аад хүнийг цалинжуулахаас гадна тэднийг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь мөнгө зарцуулж байна. Лав миний мэдэхийн өөрийн хамаатан болох 2 ч ажилтандаа байр авахад нь эхний хөрөнгө оруулалтыг хийсэн.  Үндсэн бизнесийнх нь хүрээнд лав 1000 гаруй хүүхэд гадаадад хэлний курс, их дээд сургуульд суралцсан. Тэдгээр хүүхдүүдээс эхний хэд нь сургуулиа төгсөөд Монголдоо очоод ажиллаж эхэлж байна. Ажил хэргээ явуулахын тулд МЦХ, Мобиком, Датаком-ийн найдлагатай түнш. Өөрт чиг ашигтай, бусдад чиг тустай ийм бизнес эрхэлж буй хүмүүс манайд олон. Ганцхан боломжийг нь хумих оролдлогыг төр хийдэг. Хамгийн тод жишээ. Манай сургуулийн аппликэйшн форм, реклам, сурталчилгааны бал, үзэгхэн, тор уут г.м зүйлийг эндээс явууллаа. Цаас учраас их хүнд, ойролцоогоор 17 кг болов. Гэтэл гааль дээр 80 америк дойлуурын татвар нэхжээ. Та нар энүүгээрээ бизнес хийдэг юм чинь татвараа төлөөд ав гэсэн байгаа юм.  Гаалийн түшмэлийн хэлж буйгаар бол энэ зарлагаа апплайдаж буй хүүхдээс аппликэйшний мөнгө гэж авч нөхөх юм байхаа.  Ёстой гай л байна, битгий ав, гаалийнхан тэрүүгээрээ галаа түлнэ биз гэж хэлсэн чинь за яах вэ гээд мөнгийг нь төлөөд авсан байна лээ. Би байсан бол тэр чигээр нь хаяна.

Гаалийнхан орлогын төлөвлөгөө биелүүлэх ёстой гэдгийг ойлгож байна. Гэхдээ заавал 80 гэж тогтоогоод тэрийгээ авах гээд дайраад байгаа нь үнэн эмгэнэлтэй. Үгүй ээ ядаж, 20 цаас өгчих гэвэл би өгчихнө нэг их хэл ам хийхгүй. Байцаагчид 20-ыг атгуулаад, улсад 20-ыг төлөх боломж яг эндээс гарч ирж байгаа байхгүй юу. Бизнес эрхлэгчид бүгд биш юмаа гэхэд дийлэнхи олонхи нь энэ замыг сонгодог гэдэгтэй мөрийцсөн ч болно. Тэгээд эцэстээ хэн хохирч байна вэ, гол дундаас нь хэн ашиг олж байна вэ? Иймэрхүү жишээ түм бум.

Одоогоос таван жилийн өмнө Засгийн газар Нээлттэй хаалганы өдөр гэдэг кампанит ажлаа анх зохион байгуулаваа. Талбай дээр 2 хоног наранд шарагдаж амьтан болсон юм даг. Манай төвийн эрхлэн гаргадаг Барилгын үнэ, технологийн мэдээлэл бүхий товхимол үлдэгдэл ихтэй байсан тул үнэгүй тараахаар болов. Хижээл насны нэг эмэгтэй ихэд чухал царайлан нилээд хэдэн дугаарыг хаман авч барьж явсан тор руугаа хийлээ. Тэгснээ охиндоо хэлж байнаа: “Аав чинь авч амжаа болов уу?”.  Уг нь тэр товхимлыг гаргахын тулд хоёр хүн бүтэн цагаар ажиллаж, хорин хүн хүч хавсардаг бөгөөд дээр нь гарсан барилгын материалын үнээр баримжаалан төсөв, тендерийн баримт бичиг боловсрогддог гэдгийг ойлгох нь битгий хэл зүгээр л гал түлэх үнэгүй цаастай болсондоо баярлах ээж, охин хоёр. Ядуу хүний сэтгэлгээ энэ. Инженер-эдийн засагчаар сурч буй оюутнуудад бол курсын байтугай диплом бичихээр материал уг товхимол дээр гардаг юм. Надад бол үнэхээр хайран байсан. Хүнд хэрэгтэй гэдэг үүднээс байгууллагынхаа веб хаягийг байршуулсан жижиг өврийн календарь тараасан бөгөөд олон хүн ихэд олзуурхаж байгааг хараад харин их баярласан даа.

Би боддог юм, манайхны толгойд бат шингэсэн үнэгүй юманд нугасгүй сэтгэлгээг арчсан цагт эдийн засгийн боломж бололцоо нээгдэх байх гэж. Энэ хорвоо дээр үнэгүй юм гэж байхгүй. Хулганы занганд байгаа бяслаг л үнэгүй гэж ярьдаг боловч хууртсан хулгана бяслагны булангийн төлөөсөнд амиа өгдөг бичигдээгүй хууль байна шүү дээ.   Бүүр ойрын жишээ авъя. Сайхан Лексус жип аваад уначлаа. Үхтлээ хөдөлмөрлөж, тархи толгойгоо ажиллуулж байж олсон мөнгө яадийн үхсэн. Гэвч УБ-ын эвдэрхий зам дээр элэгдэл хорогдол нь үйлдвэрлэгчийн тогтоосон элэгдлийн зэргээс даруй хоёр дахин их. Иймд машины нас нь богиносч, витамин, амь тариа байнга хэрэгтэй болж байгаа биз. Бөөн зардал. Ер нь монголд машинтай байна гэдэг олигтойхон хүүхэд маллахаас долоон дор. Тийм болохоор машинаа засуулнаа, сэлбэг оруулж ирдэг залуугийн бизнест хандиваа өргөнөө, дулаан гараажид тавьж бас зардал гарганаа. Тэр мөнгөө олохын тулд бизнесээ өргөжүүлнэ. Иймд би баяжих, хөрөнгөжихийг дэмждэг. Гэхдээ хүний хүүхдийн үдийн цайнаас хумсалж, хийх ёстой ажлаа хийж байж, албан тушаалаа урвуулан ашиглаж, эсхүл хүн хулхидан юмыг нь хийж өгсөн болоод дахин дахин явуулж, явдал чирэгдэл болгож мөнгө олох замаар лав биш.

Номын сайн нөхөр

Би хүмүүсийн намтар унших их дуртай. Сурагч байхдаа Зөвлөлтийн цэргийн жанжин Суворов, Рокоссовский, Жуков, дараа нь нэрт тагнуулч Абель, Рихард Зорге, капитализм эхэлсэн 90-ээд онд Жорж Сорос, Рокфеллер, Ротшильд, Онасис, Кеннеди гээд уншиж алдаж байлаа. За тэгээд эртний грек ромын түүх, Сократ, Платон, Аристотелээс авахуулаад Гримальди, Виндзор, Габсбург, Романов гээд ихэс дээдсийн түүх намтар нийгмийн байгуулалт, хөгжил дэвшлийг ойлгоход их тустай байдаг. Мөн тэдгээр хүмүүстэй холбоотой байсан хүмүүсийн намтар ч мөн их сонирхолтой. Эдгээр мэдээлэл дундаас олж авсан мэдлэг маань өнөөдөр намайг өдий зэрэгт хүргэсэн гэдэгт эргэлздэггүй. Мэдээлэлд түрүүлж хүрснээр тухайн нөхцөл байдалд зөв үнэлэлт өгч, хөрвөх, боломжийг олж харах нөхцлийг бүрдүүлсэн юм.  Гэхдээ номын цагаан солио тустлаа шүүлтүүргүй уншсан нөхөр байна гэж дүгнэхээсээ өмнө энэ хүн яагаад эдгээрийг унших болов гэдгийг ойлгохыг хичээгээрэй.

Аав минь багш хүн байсан бөгөөд намайг цэцэрлэгт байхад надад зориулж Мурзылка, Весёлые картинки сэтгүүл захиалж өгдөг, тэрийг нь би тэсэн ядан хүлээдэг байсан. Мөн нам засгийн Үнэн сонинг үсэглэн уншиж хамгийн дээр нь байдаг “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” уриаг сүртэй нь аргагүй уншиж, ах эгч нартаа шоолуулдаг хүүхэд байв. Хамгийн гоё нь МАХН гэдэг товчлолыг тэр чигээр нь уншчихаад юу гэж байгаа юм бэ гэж асуухад товчилсон үг гэдэг тайлбар сонсоод ихэд гайхаж байж билээ.

Миний хамгийн анхны жинхэнэ ном хөдөлгөөнт дүрстэй ойн амьтад өвөлд хэрхэн бэлдэж буй тухай гардаг ЗХУ-д хэвлэсэн монгол хэл дээр бичигдсэн ном байлаа.

Алаг шаазгай шон дээр суугаад

Амуу будаа нүдэж гарчээ… гэж эхлээд

…Хамгийн залхуу нь хоосон хоцорчээ гэж дуусдаг номоо манайд ирсэн хүн бүрт уншиж өгдөг байлаа. Унших юу байхав зад цээжилчихсэн байсан юм.  Манай эгч бол бүүр залхчихсан байсан болохоор Үнэн сонин үсэглүүлж уншуулаад, намайг шоолж элгээ дарж унах хоббитой байсан. Гэхдээ хүүхдийг сургуульд орохоос нь өмнө уншуулж сургах дэмий гэж боддог. Яагаад гэвэл би өөрөө 1-р ангид ороод хичээл эхэлснээс 2 долоо хоногийн дараа сургуульд явахаасаа татгалзсан түүхтэй. Яагаад гэж асуухад нь тэр сургууль чинь миний мэддэг юмыг заадаг, томоотой суу гээж чилтэл нь суулгадаг, тэгээд бас чихэр өгдөггүй гэж өөрийнхөө насанд ахадсан үндэслэл хэлж байсан байгаа юм. Сүүлд боловсролын онолоор таниж мэдэх их хүсэлтэй, сониуч үедээ хамгийн сайн сурдаг буюу дотоод хэрэгцээнд тулгуурласан мэдлэг олох явц хамгийн үр дүнтэй байдаг гэдгээр үүнийг тайлбарлаж болохыг мэдээд ихэд баясаж ээждээ хэлсэн чинь ээж: “Тэгээд цүнхээ даахгүй чамайг 4 настай сургуульд оруулах байсан юм уу?”. Нээрээ би ахынхаа авчирч өгсөн гоё ногоон лакан цүнхнээсээ 3 дахин өндөр байж билээ.

Сурагч байхдаа Уран зохиолын хичээл дээр Лхамсүрэнгийн Хүрэн морь найраглалыг цээжлэвээ. Байгалийн зөнгөөрөө төрсөн газар руугаа гүйсэн хүрэн морь яахаараа социалист эх оронч морь болоод байгааг огт ойлгодоггүй, багшийн үгээр бол утга санаа, үзэл санаа хоёрыг нь хольж ярьдаг нөхөр байв. Яах гэж чиг тэр урт найраглалуудыг цээжлүүдэг байсан юм. Уран зохиолын хичээлээр олж авсан мэдлэгээс одоо санаанд байгаа нь социалист реализм бүхий хэдэн яруу найраг л юм даа. Хичээлээс гадуур уншсан номын хувьд бол харин өөр. 2-р ангид байхдаа Хар чихтэй цагаан Бим гэдэг ном уншаад тэр нохойг өрөвдөж уйлж билээ. Мөн 4-р ангидаа уншсан английн зоопаркаас гүйсэн тахины тухай бичсэн Жеймс Олдриджийн Гайхамшигт монгол морь ном Хүрэн морь найраглалаас чиг илүү сэтгэгдэл үлдээж дээ.

Тэр үед Орбит, үндэс гэсэн ТВ-ийн хоёрхон сувагтай үзэх харах юм ховор, мэдээлэл хомс байсан болохоор миний үеийн бүх хүүхдүүд номонд хорхойсч, Монте Кристо гүн, Усан доогуур 20 мянган бээр аялсан нь г.м сонгодог зохиолыг уншиж өссөн. Тэр хирээрээ ч “сууж сурсан” буюу анхаарлаа төвлөрүүлэх чадвар өндөртэй байдаг гэж боддог. Тэр үед уран зохиолын ном цензур өндөртэй тул үг, үсгийн алдаа мадаг бараг байхгүй, орчуулга маш сайн, хүүхдийн нимгэн ном 1 төг 60 мөнгөний үнэтэй байж дээ. Шинэ ном гарах бүр нэг нь авч, бусад нь дамжуулан уншдаг байлаа.

Миний аав түүхийн багш хүн байсан болохоор МНТ-оос авахуулаад Эрдэнийн сан субаашид, Хөх дэвтэр гээд түүхийн ном их байдаг байж дээ. Мянга нэгэн шөнийн үлгэрийг 2-р ангидаа уншиж байгаад ахдаа загнуулж, хураалгаж байв. Үлгэр гэж байхад яахаараа хураадаг байнаа гээд ихэд гомдож билээ.   Монголын нууц товчоог би 8 удаа уншсан ба анх 2-р ангидаа уншаад монголчууд Бөртэ чоно, Гоо марал хоёроос үүсэлтэй гэдгээс өөр юу ч ойлгоогүй, 5-р ангидаа таван сум, мөн Алунгоо эх хүүхдүүдээ тэжээх гэж “гүрийсэн”, Чингис хаан айлын том хүү байсан г.м-ийг, харин 8-р ангидаа уншихдаа тэр олон овог аймаг хоорондоо “орондоо орох завгүй” үхтэл байлдаж байж гэж мэдэж авч билээ. Харин сүүлд уншихдаа түүхийн эх сурвалж гэдэг талаас нь ойлгож уншсан юм. Эндээс харахад хүүхдэд насанд нь тохирсон ном уншуулах хэрэгтэй, мөн нэг номыг нэг удаа уншаад орхих биш, дахин дахин уншвал уншилт тутамдаа шинэ зүйл мэдэж, анзаардгийн жишээ юм.

Би зөвхөн “ухаантай” ном уншдаггүй. Онгоцоор олон цаг нисэх, эсхүл толгой тархиа амраая гэсэн үедээ хялбар, хөнгөн зохиол уншдаг.  Софи Кинселагийн бичсэн Шопахоликийн тухай цувралыг уншиж дуусав. Дэлгүүрчин гар чинь өөрөөс нь илүү донтны талаар уншихаараа баясаж байгаа гэж юу гэхэв. ККК.

Эцэг эх нь ном худалдан авч өгдөг байсан гэр бүлд өссөн хүүхэд амжилттай сурах магадлал өндөр байдаг гэдэг судалгааны дүгнэлттэй санал нийлдэг. Эндхийн уугуул иргэд цагаан арьстануудтайгаа харьцуулахад дунд болон их сургууль дүүргэлт бага хувьтай байдаг нь багаасаа номтой нөхөрлөдөггүйтэй холбоотой. Австраличууд хүүхдээ төрөхөд нь ном авч өгдөг. Миний найзын охин 4 сартайгаасаа номтой танилцсан бөгөөд одоо 1 настай, нэг шкаф дүүрэн номтой боловч өөрийнх нь дуртай ном кноп дарахаар дуу гаргадаг галт тэрэгний үлгэр, 10 бамбаруушны тухай үлгэр, мөн хүртэх мэдрэхүйг хөгжүүлэхэд зориулсан Миний нохой мөн үү гэдэг ном. Тэрийгээ их сайн “уншдаг”. Хуудсыг нь давхар эргүүлэх, буруу уншихыг андахгүй. Бас нэг найзын 5 настай хүү цагаан толгойн бүх үсгээр эхэлсэн шүлэгний номтой, тэрийгээ надад нэг нэгээр нь уншиж өгөх их дуртай. Одоогийн байдлаар бид хоёр Т үсгэн дээр явж байгаа бөгөөд энэ ондоо багтааж дуусгах зорилт тавиад ажиллаж байгаа юм.

“Ном бол ертөнцийг харах цонх” Максим Горькийн хэлсэн үг интернэт хэрэглээ болж, улс үндэстнүүд даяаршсан өнөө цаг үед чиг ач холбогдлоо алдаагүй байна. Сүүлийн үед орчуулгын ном манайд их гарч байна. Сайн ч байна, саар нь ч байна. Энд тэнд хүмүүс их дурдсан байдаг юм билээ, “Эдийн засгийн алуурчин” гэдэг ном их моодонд юм шиг байгаам. Миний бодлоор манайхны хувьд Драммондын Сүйрэл илүү ач холбогдолтой баймаар санагддаг. Ямар ч ном байлаа гэсэн хамгийн гол нь тухайн номонд бичсэн зүйлс нь цорын ганц үнэн биш, зөвхөн зохиолчийн өнцгөөс үйл явцыг харсан, тайлбарлахыг хичээсэн зүйл гэж үзэх нь аливаа номонд тавих хамгийн том шүүлтүүр болох бизээ.

Шошгон үүл

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 138 other followers